Хүн болгонд өөрийн арга барил гэж бий. Ямар нэгэн зүйлд. Зарим нь цуйван хийхдээ бүх элдсэн гурилаа тосолж байгаад хуйлаад хамтад нь хэрчинэ. Зарим нь гурилаа хайрч байгаад хэрчинэ. Зарим нь гурилаа хуйлж жигнэж байгаад хэрчээд цуйван хийнэ. Гэхдээ ихэнх нь хэрчсэн гурил шууд л дэлгүүрээс худалдаж авах болсон. Хүн хүний амтлах, таашаах мэдрэмж өөр. Та урссан цуйванд дуртай эсвэл хуурай цуйванд дуртай байж болно. Энэ таны л сонголт.
Хүнээс суралцах нь зөв боловч, тэр зүйлийг танд хэлж байгаа, тэр зүйлийг танд сургаж байгаа хүн нь өөрөө тухайн зүйлээ ашиглаж хэрхэн амжилтад хүрсэн бэ? гэдгийг нь анзаарах нь чухал. Хүмүүс амьдралаа өөрчилнө гэхээр хамгийн түрүүнд амжилтын ном ч юм уу ямар нэгэн дадал зуршлын тухай ном уншдаг. Нэг талаасаа тэндээс сэдэл авч, тэндээс суралцаж, зарим зүйлийг нь амьдралдаа ашиглаж болох ч нөгөө талаасаа таны өөрийн чинь үндсэн чадвар, өөрийнхөө гол авьяасаа мартахад хүргэдэг. Эцэст нь яг та хаанаас нь эхлэхээ мэдэхээ байж зүгээр л түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөр өөрчлөлтийг хүсээд орхисон хэрэг болно.
Иймд эхлээд өөрийгөө ямар чадвартай, ямар мэдлэгтэй, ямар хурдтайг зөв тооцоолж, мэдрэх нь хамгийн чухал. Эхлээд өөрийгөө олж, өөрийнхөө хүчин чадлыг зөв тооцоолоорой. Хүн хэзээ ч мөнгө олох, зөв амьдрах үнэн зөв аргаа бичдэггүй. Дэлхийд алдартай олон тэрбумтнууд ямар зэвсгийн наймаа, янз бүрийн тамхины худалдааг санхүүжүүлж, өвчин, вирусийн эсрэг эмийн компаниудад хөрөнгө оруулж мөнгө олдог хэр нь, энэ талаараа хэзээ ч бичдэггүй. Хэрхэн сургуулаа хаяж, хэрхэн граашиндаа анхны бизнесээ эхлүүлж байсан түүхээ л хуваалцдаг гэдгийг ойлгоорой.
Та бол цорын ганц. Танд хүн болгонтой адилгүй, дахин давтагдашгүй боломж, нөөц, чадвар бий. Үүнийгээ нээн олох замаар өөрийгөө хөгжүүлээрэй. Үүнийг нээж олох хамгийн эхний алхан бол эхлээд өөрийнхөө бие галбарыг хэрхэн өв тэгш болгох вэ? гэдгээс эхэлнэ.
Баярлалаа.
Шинэ мэдээ