Ихэнхдээ бид сайн сайхныг хүссэндээ ч юм уу, эсвэл өөрийнхөө таашаал, мэдрэмжид нийцүүлэн ойр дотнын болон бусад хүмүүст тодорхой хандлага гаргадаг. Гэтэл бидний гаргаж буй хандлага бүрийн цаана өөрийн гэсэн энергийн утга учир бий.
Хүний өмссөн хувцас, зүүсэн гоёл заримдаа бидний таашаалд нийцэхгүй байж болно. Өөрт нь таалагдаад авсан цамц, дурсгалтай учраас зүүдэг бөгж, эсвэл зүгээр л дуртай өнгө нь байж болно. Гэтэл бид учрыг нь мэдэхгүй атлаа “Энийгээ тайл”, “Наадах чинь муу”, “Ийм юм өмсдөг хүн байдаг юм уу” гэх зэргээр хэлчихдэг.
Өөрт таалагдахгүй байгаа бүхэн нөгөө хүнд муу гэсэн үг биш юм.
Фэнг Шүйн бэлгэдлээр хүн өөрийн орон зайг бүрдүүлдэг шиг хувцас, гоёлоороо ч өөрийн өнгө төрх, онцлогийг илэрхийлдэг гэж харж болно. Тэрхүү сонголтод нь зөвшөөрөлгүй халдаж, өөрийн бодлыг тулгах нь бусдын гэрт ороод тавилгыг нь дур мэдэн хөдөлгөж байгаатай адил юм.
Тэгвэл бусдын юу өмсөж, зүүхийг байнга шүүмжилдэг хүн өөрийнхөө ямар энергийг сулруулж байдаг вэ?
Юуны өмнө эв зохицлын энергийг сулруулдаг. Энгийн сайхан харилцаа өрнөж болох орчинд өөрийн үгээр тавгүй байдал үүсгэнэ. Нөгөө хүн нь дэргэд нь чөлөөтэй байхаа больж, өмссөн зүүснээ хүртэл тайлбарлах шаардлагатай болдог.
Мөн өөрийн сэтгэлийн тогтуун байдлыг алдана. Хүний ээмэг, хувцасны өнгө, үсний засалт бүрийг засах гэж оролдвол анхаарал тань байнга бусдад төвлөрнө. Өөрийнхөө амьдралд зориулах эрч хүчээ өөрт хамааралгүй сонголттой зууралдахад зарцуулж байгаа хэрэг юм.
Ялангуяа “Энэ чамд гай болно”, “Наадах чинь мөнгөний гарз болно” гэх мэтээр хүний эд зүйлд айдас төрүүлэх үг хэлэхээс болгоомжлоорой. Өөрийн мэддэг бэлгэдлийг бусдыг захирах, сонголтыг нь хязгаарлах шалтгаан болгож болохгүй.
Тиймээс хэн нэгний өмссөн, зүүсэн зүйлд үг хэлмээр санагдвал эхлээд тухайн хүн танаас зөвлөгөө хүссэн эсэхийг анзаараарай. Асуусан бол саналаа зөөлөн илэрхийлж болно. Харин асуугаагүй бол өөрт нь таалагдсан зүйлээ өмсөж, зүүх орон зайг нь үлдээгээрэй.
Хүний гоёлыг хараад заавал өө хайх албагүй. Таалагдвал сайхан үг хэлчих. Таалагдахгүй бол зүгээр л өнгөрөөчих.
Бусдыг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэхээ багасгах тусам та өөрөө ч тайван байж, харилцаа тань ч илүү уужуу, эв найртай болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ