FOMA МЭДЭЭ

Энэ л намайг өөрчилж чадах байх.

2023-12-13

Бид нарын өөртөө итгэх итгэл хаашаа явчихсан юм бэ? Яагаад хэн нэгэн ямар нэгэн далдын хүчин бидний аварч өөрчилнө гэж найдаад байгаа юм бэ? Хэн нэгний амьдралыг өөрөө л өөрчилнө. Хажууд нь ус урсаж байхад өөрөө л хутгаж уухгүй бол амных нь цангаа гарахгүй шүү дээ. Хэн нэгэн удирдагч гарч ирээд Монгол улсыг өөрчлөх байх, хэн нэгэн Фэнг Шүйн мундаг хүн гарч ирээд ид шидээр намайг баяжуулах байх гэж битгий найд. Хэчнээн мундаг улс төрч гарч ирээд бидний амьдралд хэрэгтэй хууль санаачиллаа гээд тэр чиглэлд нь та ажилладаггүй, хуулийн мэдлэггүй, энэ батлаад байгаа хууль нь миний амьдралд ямар эерэг бас сөрөг нөлөөтэй вэ гэдгийг та мэдэхгүй бол ямар ч сайн, муу улс төрч удирдагч байгаад таны амьдрал өөрчлөгдөхгүй.
 
Хэчнээн Фэнг Шүйн домуудыг хийж, хэлж зөвлөснийх нь дагуу ямар нэгэн зүйл хийж бүтээлээ гээд та өөрөө хичээдэггүй, шинэчлэлд бэлэн биш, юмыг өөр талаас нь харж чаддаггүй, чөлөөтэй сэтгэж чаддаггүй, зөвхөн бүх зүйлд өөрийнхөөрөө шалтгаан тоочиж, бүх зүйлд буруутан хайж, гарц гаргалаа боломжийг олж харахгүй бол мянган Фэнг Шүй байгаад нэмэр байхгүй. Фэнг Шүйн зэмсэг нь тан руу чиглэж ирж байгаа сөрөг таагүй энергийн урсгалыг саармагжуулж хамгаалж, байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцаж амьдрах ухаан, таатай, хэрэгтэй таван махбодын урсгалыг тан руу чиглүүлж өгч байгаа ухаан болохоос биш бүхнийг дааж аваад өөрчлөөд, хүлцэнгүй болоод бүх зүйл болохгүй бүтэхгүй байхад өөдрөг бай, эерэг бай гэдэг ухаан биш. Иймээс та өөрөө хичээ, суралц, хөгж, уншиж судал, олж мэдсэн зүйлээ амьдралдаа ашигла, зоригтой бай, ажлаа сайн хий, бусдаас боломж бололцоо, туслалцаа битгий хүлээ.
  • Будда хэлсэн шүү дээ. Надад битгий итгэ, намайг битгий дага. Чи өөрөө ойлгож гэгээр. Авралын гарц зөвхөн чамд байгаа. Чиний сэтгэл дотор чинь будда байгаа гэж.
Таны сүлдийг лам дуудаад зөндөө олон сүлдтэй болгохгүй. Таны нүүр лүү сүү цацлаа гээд мундаг бөө нар хүчтэй онгодтой болгохгүй. Харин таны лам багшийн номын хүчний хоолойн хүрдний чимээ, бөөгийн шашны хэлж ярьж байгаа тэр сургаал, номлолын мөн чанарыг ойлгож, өөрийгөө хөгжүүлж амьдралдаа хэрэгжүүлж чадвал та өөрчлөгдөх болно. Бүх зүйл танд туслах болно. Гагцхүү тэрний үр дүнг нь та мэдэрч хэрэгжүүлж, өөрөө хичээх аваас танд гайхалтай зүйлс ирнэ. Иймээс битгий найд. Харин мэдэхгүй зүйлээ асуу, суралц, найзал, нөхөрлө, итгэ, алдаа оноо, байгаа байдал, хувь хүний ертөнцтэй нь хэн нэгнийг хайрлаж хүндэлж бай. Хүндлэлээс хүндлэл ирнэ. Хүндлэл гэдэг нь мөнхийн зүйл.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал