Дээж өргөх ёс нь буддын шашин дэлгэрсэн ард түмний гүн гүнзгий билэг дэмбэрэлтэй зан үйл юм. Өглөө цайгаа чанаад дээжийг нь хамгийн эхэнд шүтээн тавиад дээрээ, дараа нь тахилгатай уул овоо, газрын эзэн лус савдаг, нар, сар, од гарагт дээжээ өргөдөг.
Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор тал буюу тулганыхаа дээд талд гурвантаа дусаадаг нь "Чухаг гурван эрдэнэд тахил болгон өргөх өргөл"-ийн утга санааг агуулж буй. Иймээс цонхоороо дээж өргөж олон машины жолооч нарын дургуйцлийг хүргэдэг учраас ийнхүү цайныхаа дээдийж өргөж бас болох нь байна.
Цайны дээж өргөхдөө унших ном нь
Тэнцэх ижилгүй Бурхан их эрдэнэ
Тэнцэх ижилгүй ном их эрдэнэ
Тэнцэх ижилгүй хуварга их эрдэнэ
Тэтгэгч дээд гурван эрдэнэд тахил өргөе.
Цайгаа чанахдаа цайны идээ, давс, хужир, шар тос, задь, арвайн гурил зэрэг эмийн дээд ургамал хийж сайтар самарч чанадаг. Цайгаар дээж өргөхдөө хязгааргүй олон бурхад, тахилын охин тэнгэрүүд тахил өргөн баясгаж байна, тоолшгүй олон ядарсан амьтдыг өлсөж ундаасахын зовлонгоос гэтэлгэж байна хэмээн бодоод өргөхөд өргөсөн дуслынхаа тоогоор буяныг хураах тул дээдийн дээд өргөл болдог.
Дээж өргөх ёс нь гүн утга санааг агуулах бөгөөд эгэлийн махан нүдэнд үл үзэгдэх далд ертөнцийн амьтад, газар лусын эзэд, цагаан зүгийн тэнгэр, нар, сар, од гарагийн эздийг цайны дээжээр дайлж тэднийг баясгаад дашрамд нь энэ насныхаа амар амгалан болон газар орныхоо хүн зон, ган зуд, гал усны аюул, хүн малд өвчин эмгэг үгүй, ад зэтгэрийн хорлол, гай барцдыг зайлуулж аливаа санасан сэдсэн ажил үйлс бүхнийг бүтээж чадахаас гадна дотнын харшлах шалтгаан бүгдийг амирлуулж, аливаа муу үйлээс сахин хамгаалж, ивээн тэтгэж байхыг хүсэн залбирч цай, сүүнийхээ дээжийг өргөдөг.
Ар халхын анхдугаар богд Жавзандамба гэгээнтэн "Монгол хүн цайныхаа дээжийг чухаг дээдэд өргөхгүй болж, зочин гийчиндээ цайгаа үнэ өртгөөр зарах цагт халхын буянд их цөв орно шүү. Тиймийн тул монгол эхнэр хүмүүн цайны дээжээ өргөн, зочин гийчиндээ хүндэтгэлтэйгээр хоёр гардан цай идээгээ барьж байгаарай" хэмээн хүртэл айлддаг байж.
Цайны дээжээ өргөдөг шигээ орж ирсэн зочинд хүртэл манайхан цай барьж сурах хэрэгтэй. Хүнийг хүндэлж байж, хүнээс хүсэн хүлээсэн хүндлэлээ авна шүү дээ.
Баярлалаа.
Шинэ мэдээ