Зочны өрөөний энергийн зохицол

Зочны өрөөний баримтлах Фэнг Шүйн 15 зарчмыг оруулж байна. 

Зочны өрөө нь тухайн айлын өнгө төрх, зэрэг зиндааг илэрхийлж байдаг. Мөн гэр бүлийн нийт гишүүд бүгд цугларч амьдралын асуудлаа хэлэлцдэг гол өрөө бол зочны өрөө юм. Тиймээс ч энэ өрөөнд өөрийн гэр бүлийн болон гадны зочдын сэтгэлийг татаж байх ээлтэй зөв энерги маш чухал. Бусад өрөөний байрлал тохижилт буруу байвал ганцхан зочны өрөөгөө найман буланг нь олж махбодынх нь дагуу тохижуулж болдог. Тиймээс энэ өрөөг "Ерөнхий гэр" хэмээн авч үзэж болно.

1. Зочны өрөөний тэнцвэртэй энергийн зохицол

Хэн ч харанхуй гэрэл муутай өрөөнд дургүй. Мөн сонин уншиж зурагт үзэхэд хэт их хурц гэрэл хэрэггүй. Тиймээс зочны өрөөний нарны гэрэл болон сүүдрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайн гэрэлтүүлж, хуралдсан муу энергийг сарниулах хэрэгтэй.

2. Хаалга цонхны байрлал

Таныг өрөөндөө орох үед цонхоор гадаах цэцэрлэг харагдаж энэ нь танд эрч хүч урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч таныг хаалгаа нээх болгонд хаалгаар орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Иймээс хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх юм уу аль эсвэл байнга хааж, хөшгөө татаж тэрхүү хаалгаар орж ирж буй энергийн урсгалыг зогсоож өрөөнд тараах хэрэгтэй. Хэрэв танайд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга ямар нэгэн хаалт тавьж хэрэгцээгүй хаалгыг болж өгвөл хаалттай байлгахыг зөвлөе.

3. Өрөөний хэлбэр

Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин юм уу аль эсвэл тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай нөхцөлд нийтлэг байдаг ч танай өрөө буруу хэлбэртэй байвал энэ нь өрөөг тэнцвэргүй болгодог. Ийм өрөө нь маш муу Фэнг Шүй юм.

4. Тавилганы байршил

Зочны өрөөний тавилга нь орж ирж буй энергийн урсгалыг өрөөн дотор чөлөөтэй эргэлдүүлж байхаар тавигдсан эсэхийг шалгаарай. Энэ нь танай зочны өрөөнд байгаа хүмүүс болон зочдод сайн энергийг түгээдэг бөгөөд хамгийн тохиромжтой хэлбэр нь найман талтай буюу Па Куа толь шиг байвал маш сайн.

5. Суудлын байрлал

Таны суудал таатай байрлалд байна уу? Таны ивээлтэй зүг рүү харж байна уу? Та Фэн Шүйгийн тусламжтайгаар Куа дугаараа ашиглаж өөрийн 4 сайн, 4 муу зүгийг олж өрөөнд байхдаа аль болох сайн зүг рүүгээ харж сууж байгаарай.

6. Буйдан сандалны байрлал

Буйдан сандалнууд өөд өөдөөсөө харсан эсэхийг хараарай. Энэ нь эрүүл бус харьцаа болон сөргөлдөөнийг бий болгодог. Зочны өрөөн дэх буйдан ороо цулгуй хананы өмнө буюу ялангуяа өрөөний хаалганы эсрэг тавибал сайн. Энэ нь яст мэлхийний тусламж авч байна гэж билэгддэг.

7. Өнгө будаг

Зочдын өрөөнд өнгө ч бас чухал. Ялангуяа засвар хийж буй айлд энэ нь бүр ч их хамаатай. Аливаа өнгө хэт их давамгайлбал муу энерги үүсгэж өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг. Хэрэв өрөөний чинь хана тааз тэр аяараа гэрэлтэй цайвар өнгө зонхилж байвал түүнийг тэнцвэржүүлэхийн тулд тавилганадаа аль болох бараан өнгийг сонгоорой.

8. Хурц ирмэг, үзүүртэй зүйлсээс зайлсхий

Мөн хурц ирмэгтэй зүйл болон янз бүрийн булан тохой тань руу чиглэсэн эсэхийг шалгаарай. Ялангуяа таныг сууж байхад тань руу удаан хугацаагаар чиглэсэн ийм өнцөг нь таны ажлын амжилт, азын тэнгэр, сайн сайханд маш муу нөлөөтэй. Тиймээс өнцөг засах арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй ба хялбар арга нь та өөрөө өөр тийш шилжиж байрлах явдал юм.

9. Таазны хөндлөвч эрүүл мэндэд хортой

Хэрвээ таны чанх дээр байрлах ямар нэгэн хөндлөвч мод, эсвэл доош чиглэсэн хурц өнцөг байвал энэ нь маш муу ба даралт ихсэх ялангуяа зүрх судасны өвчтэй хүнд үхлийн аюулд ч хүргэх муу талтай. Түүнийг засахын тулд салхин хонх өлгөх, эсвэл “Бамбуу” (хулс) тарих хэрэгтэй.

10. Амьд ургамал зочны өрөөнд сайн

Дээрхийн адил тань руу чиглэсэн хурц өнцөгний нөлөөг зөөлрүүлэхдээ тэрхүү өнцгөө дагуулж янз бүрийн ургамал, мөлхөө цэцэг тарьж болно. Тэрхүү ургамал, мөлхөө цэцгүүд нь өнцгөөс гарах муу энергийн хүчийг маш сайн сааруулдаг.

11. Эмх замбараагүй байлгах нь сөрөг муу энерги үүсгэнэ

Хэрэв зочны өрөө эмх замбараагүй, элдэв янзын хог новшоор дүүрэн байдаг бол үүнийгээ яаралтай засаж цэвэрлэх хэрэгтэй. Учир нь зочны өрөөний эмх замбараагүй бохир байдал нь таны тав тухтай байдлыг эвдээд зогсохгүй маш муу энерги ялгаруулдаг юм шүү.

12. Гэр бүлийн зургаа хаана байрлуулах вэ

Зочдын өрөөнд гэр бүлийн гишүүдийн янз бүрийн жаазтай олон зургууд байх нь элбэг байдаг. Энэ нь дэмий зүйл бөгөөд түүний оронд гэр бүлийн ганцхан зургийг гоёмсог жаазанд хийж Гэр бүлийн аз жаргалын булан болох зүүн ханандаа өлгөх нь тохиромжтой байдаг. Гэхдээ мэдээж зурагт багтсан хүмүүс баяр баясгалантайгаар инээмсэглэж байвал илүү сайн гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

13. Замбараагүй хээ, хурц өнгө муу нөлөөтэй

Нүд чилж мэдрэл ядраах хурц, гял цал өнгөтэй, эмх замбараагүй хээтэй хивс болон хөшиг бүү тавиарай. Энэ нь таныг тайван сайхан амраахаас илүү эмх замбараагүй тогтворгүй болгож, ухаан санааг нь тавгүй болгож орхидог.

14. Найман зүгийн утга учрыг ойлгож ашигла

Хэрэв та өөрийн амьдралаа илүү утга учиртай болгоё гэвэл ертөнцийн найман зүгийнхээ утга учир, шинж чанарыг илүү сайн мэдэж авах хэрэгтэй. Ер нь Фэнг Шүйд энэ найман зүг нь их чухал бөгөөд орчин тойрноо ойлгож, хүндэтгэх ухаан гэдэг маань үүн дээр л суурилдаг юм. Жишээ нь: Зүүн урд буюу эд баялгийн зүгт төмөр эдлэл болон телевизор тавих нь танай гэрт орж ирсэн модны буюу мөнгөний энергийг цавчиж устгах болно.

15. Хэт модернист буюу авангард хийцний тавилганаас татгалзаарай

Өрөөний тавилга нь бодит амьдралд аль болох тустай, тогтвортой байхыг бэлгэдсэн байвал сайн. Эцэст нь, цэвэр цэмцгэр зөв байрлалтай өрөөнд л энергийн урсгал жигд саадгүй эргэлдэж байх болно гэдгийг анхааралдаа аваарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал