FOMA МЭДЭЭ

Галт шувууны тухай

2022-08-21

Эртний олон олон соёлд галт шувуу дүрслэгдсэн байдаг байна. Эртний Египетэд Бэннү, Хятадад Фэнг Хуанг, Оросын Цар Птица харин Индианчууд Аянгат шувуу гэж нэрлэдэг байжээ.

Энэ шувуу нь өөрийнхөө үнс нурмаас дахин амилдаг бөгөөд шинэ төрөлт мөнх амьдралыг бэлгэддэг. Шалт шувуу зүүдэнд орж таныг хөтөлбөл та том өөрчлөлтийн бүрэн хувьсалд бэлэн бөгөөд шинэ амьдралын эхлэл ирж буйн дохио юм.

Олон зууны турш галт шувууг уран зурагт ихээр дүрслэн харуулдаг. Түүнийг Араб улсад эрт дээр үед "Шувуудын хаан" хэмээн өргөмжилж толгойг нь бүргэдийнх, биеийг нь гургуулынх, сүүлийг нь тогосын сүүлтэй дүрсэлдэг байсан.

Мөн "Phoenix" гэдэг нь "phoinix" гэдэг Грек үг бөгөөд энэ нь "Хөх ягаан-Улаан" гэсэн утгатай. Энэ нь амьдралын хамгийн ариун, хурц тод, шинэ эрч хүчтэй өнгийг бэлгэддэг байна.

Нэгэн домогт өгүүлснээр:

"Галт шувуу нь нарны бурханд өглөө болгон дуу дуулж өгдөг байсан тул нарны бурхан хариуд мөнхийн амьдрал бэлэглэсэн" гэжээ. Тиймээс тэрээр 500 эсвэл 1,000 жилийн настай бөгөөд үхэх цаг нь дөхвөл баруун зүг чиглэн нисээд олон сайхан үнэрт мод, тариан түрүү цуглуулан, өндөр модон дээр үүрээ засаад, уянгалаг сайхан дуу дуулдаг.

Сайхан аялгуунд нь нар саатан, модоор зассан үүр нь нарны хурц туяанд шатаж, нурам болсноор өөрөө өөрийгөө оршуулдаг байна.

Есөн өдрийн дараа нурман доороос цоо шинэ галт шувуу болон дахин мэндэлж нарыг магтан дуулдаг. Галт шувуу нь сайн сайхан ирээдүйд хөтлөхийн тулд даван туулах өөрчлөлт шинэчлэлтийг илтгэдэг гэж үздэг.

Тэд бол шаналал зовлонгоос мултрах эрх чөлөө, итгэл найдвар юм. Өөдрөг хүмүүсийг галт шувуутай зүйрлэдэг. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон түнэр харанхуйг эвдэх наран мэт өөдрөг хүчтэй нэг л өдөр мандаж хурц гэрлээр бүхнийг төөнөх учраас тэр.

Барууны домогт ийн өгүүлдэг байхад Америкийн уугуул иргэд Индианчууд тэр тусмаа Индиан бөө нар энэ шувууг "Аянгат шувуу" гэж нэрлэх бөгөөд тэдний хэлээр "Wakinyan" гэж дууддаг байна. Энэ нь "Дархан хүч" гэсэн утгатай бөгөөд далавчаараа дэвэн бороо оруулж, нүднээсээ цахилгаан гаргадаг хэмээн үлгэрлэн дүрсэлдэг байна.

Мөн Индиан бөө нарыг хамгаалдаг гэж итгэдэг ба догшин хайрхныг хөндлөн гаталсан хүмүүсийг гэсгээдэг "Сүнсэн шувуу" гэж биширдэг. Галт шувуу нь амьдралыг тэтгэн бороо оруулдаг ч гэсгээл хүртээх үер, гал түймрийг дагуулдаг. Тэдний нулимс хүний сэтгэлийн шарх болон өвчин зовлонг эдгээх чадвартай гэдэг байна.

Дэлхийн бүхий л улс орны соёлд энэ шувууг домог болгон биширсээр иржээ.

Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал