Монгол зан заншлын нэгэн онцлог нь "Цайг дээдлэн" төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:
Цайгаар дайлах ёсон:
Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараараа аягатай цайг барих нарийн журамтайн дээр ханцуйгаа шамласан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үсээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэж үсээ сүлжих эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах юм.
Орчин цагийн олон хэлтэн бөөгнөсөн улс орныг бодвол цай уудаггүй монгол хүн гэж огт байхгүй тул та цай уух уу, өөр юм уух уу гэж асуух шалтгаан үгүй ажээ. Мөн цайгүй суугаа болон цайгаар дайлаагүй айлыг үл таашаан “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж ярьцгаадаг билээ.
Барууны орнуудад бол уригдаж болон гэнэтийн тохиолдлоор орж ирсэн хүнээс ямар нэгэн зүйл уух уу гэж асуудаг нь тухайн хүний хүсэлд нийцүүлэхийг зорьж буй боловсон ёс гэх хэдий ч зочломтгой, нээлттэй зан заншлаас холдож хөндийрсөн нь мэдрэгдэнэ. Кофе болон жимсний шүүс мэт нь барууны улс орнуудын ундаа бөгөөд монгол ёс заншилд огт хамаарахгүйн дээр хэсэг зуур сонирхох төдий уудаг цөөнхийн ундаа болно. 70, 80-аад онд Оросууд Монголд ихээр суурьшиж байх үед тэдний заншлыг дуурайн ус буцалгаад дүрдэг байхуу хийж уудаг “моод” нэг хэсэгхэн сэхээтнүүдийн дунд гарч ирээд төд удалгүй оросуудтай хамт “гарч явсны” адил монгол цайнаас бусад ундаа монгол хүний нийтлэг унд болж үлдэхгүй биз ээ.
Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Энэ нь эмнэлэг цайгаар хангадаггүй юм уу, өвчтөн цангаж байдгийн учир бус сайхан сэтгэл өвөрлөж очиж байгаагаа цайгаараа илэрхийлж буй сэтгэл зүйн болон ёс заншлын бэлгэдэл юм.
Нүүдэлчин Монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг нь аян замынх нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэдэг. Энэ зан уламжлал хот суурины суурьшмал амьдралд алдагдсан талтай ч нүүж ирж буй хөршийндөө цай идээ барьж, сайхан сэтгэлээр угтан авах үзэгдэл цөөн ч атугай байсаар байгааг талархан дэмжиж хадгалан үлдээмээр.
Баярлалаа.
Шинэ мэдээ